Mongolian Culture Center

  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size

Монгол хэлний “хүй” хийгээд “хүйн холбоо”

Хэрэглэгчидийн үнэлгээ: / 0
МууСайн 
(Үг, өгүүлбэрийн амь амьдрал, эрчим долгион, соёл хэрэглээ)

Профессор Б.Пүрэв-Очир (МУБИС)


…Адуучин аавын хүү билээ.
Агтын тоосонд төрсөн билээ.
Алимнаас ургасан алим билээ.
Аминаас ургасан амь билээ.
Саальчин ээжийн хүү билээ.
Саальтай энгэрээс унасан билээ.
Саргүй шөнийн саран билээ.
Сартай шөнийн наран билээ…

(Д.Пүрэвдорж)

Нэг. Үг ба утгаас үүтгэн…
Монгол хэлэнд “хүй”, “хүйн холбоо”, “хүй татах” г.м. үг хэллэгээс ураг төрлийн холбоо, ураг төрлөө дотночлох гэсэн утгыг; “хүй тасрах” гэдэг хэлцээс ураг төрлийн холбоо тасрах гэсэн утгыг; “хүй цэглэх буюу цөглөх”-өөс эхээс мэндэлсэн нялх хүүхдийн хүйн судсархаг хэсэг нь хатаж тасарч унах утгыг; “хүй зузаан”, “хүй сайтай”, “хүй бүтэн”, “хүй бөхтэй” гэдэг нийлэмжээс ахан дүүс олуулаа, өнөр, үр  хүүхэд нь эндээгүй (эх), бүрэн бүтэн, эсэн мэнд гэсэн утгыг “хүй муутай”-гаас үр хүүхэд нь тогтдоггүй, үр хэврэг (эх-ээж) гэсэн утгыг илтгэж тэмдэглэсэн (Я.Цэвэл, “Монгол хэлний товч тайлбар толь”, Уб., 1966, 742-р тал); Б.Баярсайхан, А.Янжиндолгор нар “Монгол хэлний хураангуй тайлбар толь”, Уб., 2009, 883-р тал) байдаг аж.

Бас тэрчлэн өгүүлбэрзүйн аргаар ерөнхий олны утгыг зааж илтгэдэг аливаа юм үзэгдлийн орон зай, цаг хугацааны хувьд олон цэгт тархсан буюу “хуйлрах, бөөгнөрөх” утгыг тэмдэглэсэн “хүй олон хүн”, “нэг хүй буюу бөл айл”, “мод ургамал, цэцэг тэргүүтэн хүй хүйгээр ургах”, “хүй хүйгээр торго”, “салхи хүй хүйгээр салхилах”, “хүй нэгдэл буюу хүн төрөлхтний түүхэн дэх анхны нийгэм эдийн засгийн байгуулал”, “хүй их” буюу маш олон, “хүй цагаан манан”, “зам харилцааны хүй газар”, “хүй ертөнц” г.м. нийлэмжүүд, тогтвортой хэлцүүд байдаг.

Мөн тэрчлэн Б.Баярсайхан, А.Янжиндолгор нарын эрхлэн, эмхтгэсэн “Монгол хэлний хураангуй тайлбар толь”-д (2009): хүй – IY гэдэг (зарим араатан, жигүүртний идшээ хадгалах уут) нэр үг, хүйгүүр, хүйгэр (хий хуй татуулам хөнгөн шаламгай) гэдэг тэмдэг нэр, хүйгэрдэх (тогтворгүй хөнгөн ааш зан гаргах), хүйгэх (жавар салхи жижиг нүх, завсраар шуугин үлээх, эсвэл олон хүний яриа тод бус, бүдэг бадаг сонстох г.м.) гэдэг үйл үгсийн утгыг тун тодорхой оновчтой тайлбарлаж, жишээ гаргаж хадсан байгаа (883-р тал) нь судалгаанд чухал хэрэглэгдэхүүн болохоор байна.
Чингэхлээр дээр дурдсан толь бичгүүдэд тэмдэглээд буй “хүй” - “хуй”-тай нийлэмжүүд, тэдгээрийн утга соёлын тайлбарламж болон нүүдэлчин монголчуудын бүтээж, олон зууны туршид хэрэглэсээр ирсэн “хүйн холбоо”, “хүйн холбоотой ээж”, “хүйн холбоотой эх орон”, “хүйн холбоотой нутаг”, “Хүй элгэн эвдрэлцвэл хөндлөнгийн хүний идэш болох”, “хүйс тэмтрэх”, “газрын өр сая дэлгэрч, галын хүй сая цөглөж байхад…” г.м. хийсвэр утгат хэлц үгсээс ургуулан, дээд хөх тэнгэрийн доор, дэргэдэх бор дэлхийн дээр, эдгээрийн дунд хүй элгээрээ оршин бүхий монгол хүмүүний ухаан, хэл соёлын сэтгэлгээ, юм, үзэгдлийн тухай эерэг, сөрөг үнэлэмж, аж онолыг нэг талаас, ертөнцийн нэгдмэл орон зай, цаг хугацаа, тоо чанарын тухай онол сургаалтай шүтэн барилдуулж, нөгөө талаас, өмнө дурдсан, үг буюу дохио тэмдгийг монгол хэлний үг, хэлц, өгүүлбэрийн амь амьдрал, эрчим дэм, соёл хэрэглээний үнэт зүйлийн тухай асуудалтай ямар нэгэн сэжмээр холбон нөхцөлдүүлж судалбар таталбар хийж үзвэл сонин содон зүйл ажиглагдаж байна.

Хоёр. “Хүй”, “хуй” хоёроос үүтгэн…
Тэгэхлээр “хүй ертөнц” буюу “хүйлэн хөх замлин” дэх сав ба шим ертөнцийн түм буман юм үзэгдлийн хөгжил хөдөлгөөн, “хүйн холбоо”, хийгээд “хуйлрал хөдөлгөөн”-ийг ертөнцийн нэгдмэл орон зай, цаг хуагцааны орчил, нөгөө талаас, түүний дүрийг (ертөнцийн зураг гэсэн утгаар Б.По) тэмдэглэж дохиожуулж, зөөвөрлөж тээвэрлэн байдаг хэлний дохио тэмдэг болох  үг, өгүүлбэрийн утга, амь амьдрал, соёл хэрэглээ, үнэ цэн, хувьсал хөгжил талаас нь мөшгөж үзье гэвэл юуны өмнө “хүй”, “хуй” гэдэг хоёр язгуураас үүтгэн, яльгүй тодруулсан тайлбар хийж болмоор байна.
Ертөнцийн юм, үзэгдлийн тухай монгол хүний төсөөлөл, ойлголтоос үүссэн орчин цагийн монгол хэлэн дэх “хүй”, “хуй” язгуур бүхий нийлэмж үг, хэлц үгсийг цуглуулаад ажиглаваас нэг бодоход, дээрх язгуурын өргөлтөт тэргүүн үед нь ,u (ү, у) эгшиг авиа сэлгэснээс “хүй”, “хуй” гэдэг хоёр язгуур утга ялган, салаалж, түүнээс мөчирлөн “хүй хуй” хэмээх хоршоо үг, бусад хэлц үг, нийлмэл үгс үүсэж зэрэгцэн хөгжсөн байж болох тал харагдаж байна. Чингэхдээ “хүй” язгуураас нь гол төлөв хүмүүний нүдэнд харагдах, гарт өртөгдөх “хүй мандал”, “хүйн холбоо”, “хүй нутаг”, “хүй олон мал”, “хүйс толгой”, хүйсийн говь” тэргүүтэн тогтвортой нэгжүүд: харин нөгөө “хуй” язгуураас нь “хуй салхи”, “хуйлрал”, “хуйлран бөөгнөрөн давалгаалах”, “салхи хуйгах”, “хуйлраад ирэх”, “хуй цагаан манан”, “хуй салхи эргэн мөшгөрч, хоролзон нөөлгөлөх”, “хурал хуй”, “усан хуй”, “элсэн хуй”, “салхин хуй”, “хуйрганах”, “хуйсгар”, “хуйсрах”, “хуйсчуур” (зан), “хурах хуйлрах” г.м. хөдөлгөөн, тоо чанар, байдал шинжийг заасан утга, эрчим долгионтой үг хэллэгийн багц үүсэж төвхнөсөн нь сонин зүй тогтол ажээ. Чингээд үзэхлээр “хуй” язгуураас нь “хүй”-гийн эсрэг шинж чанартай, гажиж орооцолдсон, бөөгнөрсөн, хурсан, хуйларсан утгыг заадаг дохиолборууд нь үүсэн байж болох.

Гэтэл нөгөө талаас бодоход, хятад хэлэнд “хурал хуй”-гийн “hui”, huir” бас “хуй манан”, “хуй шороо тоос”-ны “hui” гэдэг “хуй” язгуурт үгс зэрэгцээд байгаа нь сонин тохиолдол. Тэгэхлээр монгол хэлний “хүй”-тэй, хятад хэлний “hui” (хурах утгат) язгуурт үгс хоршсон, давтсан, утга салаалсан байж болох талыг үгүйсгэх арга алга. Энэ бол “хүй”, “хуй”-г тайлбарлах өөр нэгэн өнцгийн хөтөч санаа байж болох…

  Монгол хүний танин мэдэхүйн монист ба дуалист хандлагатай тэрхүү шинжээ, үзэл баримтлалаас өвөрмөц сонин бодомж – хэллэг, шинэ мэдлэг мэдээлэл (дискурс) ч гарсан байгааг энэ ташрамд анзаарч болмоор санагдана. Тухайлбал, энд холбогдуулж, монголчуудын аман хууль, хорио цээрийн ёсны нэгэн дискурст: Нүгэл! Олс дээс бүсэлдэггүй. Бүсэлбээс ядарч доройтохын цондон бөгөөд ялангуяа эмэгтэй хүн, эх хүн олс дээс бүсэлбээс хүүхдийн чинь хүй орооцолдоно… гэсэн байдаг. Энд “хүй орооцолдож”, “хуйлрал”, “бөөгнөрөл” үүсэх шугаман бус сөрөг үнэлэмжит нэгэн сонин санаа, ёрлолын аху сэтгэлгээ, бэлгэ тэмдгийн зүйлийг орон зай, цаг хугацаа, үйл ба үйлийн үрийн нөхцөлдөөнд нь тодосгон хэлсэн байх жишээтэй.

Гурав. “Хүй”, “хүйн холбоо” гэдэг үг хэллэг нь орон зай,
цаг хугацаааны утгыг илэрхийлэх нь
Бодот байдлын ахуйн хэв маяг бүр тодорхой юмсаас бүрддэг ба тэдгээр юмс нь тодорхой шинж чанаруудыг илэрхийлж байхаас гадна, бас өөр хоорондоо янз бүрийн харилцаанд оршин байдаг. Юмс бол бодот байдлын харьцангуй бие даасан нэг хэсэг. Жишээ нь, физик юмс бол эгэл хэсгүүд. Биологийн юмс бол амьсгалдаг, хооллодог, өсөн үрждэг, орчиндоо зохицдог шинж бүхий нэгдлүүд. Нийгмийн юмс бол өөрийн ойлголт, төсөөлөл, тэдгээртэй уялдан өөрийгөө болон орчноо хувирган өөрчилж байдаг хүмүүс юм. Бодот байдлыг тодорхойлоход түүний орон зай болон цаг хугацааны шинж чанар чухал ач холбогдолтой байдаг… (В.А.Канке, Философи, М., 2001, 187-188, орч. Ж.Отгонбаяр нар.)

…Орон зай, цаг хугацааны тухай олон сонирхолтой мэдээ баримтыг физикийн шинжлэх ухаан илрүүлжээ. Макрофизикийн орон зайн гурван хэмжээст байдал, нэг төрөлт байдал, изотроп чанар, мөн макрофизикийн цаг хугацааны нэг хэмжээст байдал, нэг төрөлт байдал, эргэлт буцалтгүй чанар нь бүр эрт, тухайлбал, Ньютоны механикт тодорхой болсон ажээ. Орон зайн гурван хэмжээст байдал нь юмсын орон зайлаг шинж төрхийг тодорхойлоход ердөө л гурван хувьсах (x, y, z) хэмжигдэхүүн хангалттай гэдгийг илтгэн харуулдаг. Цаг хугацааны нэг хэмжээст байдлыг тодорхойлоход нэг л хувьсагч (t) хангалттай. Орон зайн нэг төрөлт чанар бол физик үзэгдлийн шинж чанар нь түүний байрлаж буй байрлалаас үл хамаарна гэдгийг илтгэн харуулдаг. Харин цаг хугацааны нэг төрөлт чанар нь физик үзэгдлийн нэгэн адил шинж, тэдгээрийн хэдийд үүссэн бэ? гэдгээс үл хамаарах шинжийг илэрхийлдэг… Сүүлийн үед физик биш үзэгдэлд өвөрмөц орон зай, цаг хугацаа байдаг тухай сонирхолтой санаа тайлбар дэвшигдэж байна.

Физикийн биш, тухайлбал биологийн болон нийгмийн өвөрмөц орон зай, цаг хугацаа оршин байдаг… биологийн ба нийгмийн үзэгдлүүд ямар ч хэлбэрээр оршин байлаа гэсэн зохих физик үндэстэй байдаг… үүнтэй холбогдуулан семиотик зүйлийн тухай, тэмдгэн үзэгдлийн тухай, тэмдгээр илэрхийлэгдсэн үзэгдлийн тухай, тухайлбал, биологийн ба нийгмийн юмстай төстэй физикийн орон зай, цаг хугацааны оршихуйн тухай ярих боллоо… (В.А.Канке, Философи, 2001, 189-190) гэх зэрэг сонирхолтой санаа, тайлбар гаргалгаа байна.

Философичид ийн өгүүлжээ. Тэгвэл одоо, эргээд, аливаа юмс, үзэгдлийн “хүйн холбоо” буюу байгаль, нийгмийн юмс, үзэгдлийн харилцан хамаарлын тухай нэгэн энгийн жишээ, оюун дүгнэлтийг сонирхъё л доо. Аливаа юмс, үзэгдлийн “хүйн холбоо”, орон зай, цаг хугацааны бэлгэдэл, учир шалтгаан, үйлийн үртэй холбож, “Дэлхий дээр зөгий уствал дөрөвхөн жилийн дараа хүн төрөлхтөн мөхнө” хэмээн А.Эйнштейний хэлсэн сонирхолтой үг байдаг аж. Яагаад ийм бодомж гарав? Зөгий бол маш өвөрмөц амьдралтай. Ажилчин зөгий, эх зөгий, эр зөгий гэсэн хүй бөлийн холбоотой, нийгэмч шинж чанартай шавж юм. Альберт Эйнштейн, зөгийн амьдрал, тэмцэл, хөгжлийг яагаад хүмүүн төрөлхтний амьдралтай холбож хэлэв? Физикийн, биологийн, нийгмийн юмс, үзэгдлийн орон зай, цаг хугацаа, тоо чанарын орчил дахь харьцангуйн мөн чанар, “хүйн холбоо”, түүний харилцан нөлөөллийг ажиглаж гаргасан онол, гаргалгаа, ойлголт, төлөөлөлтэй нь холбоотой байж болох. Өөрөөр хэлбэл, байгаль дээрх бүх юмс, үзэгдэл өөр хоорондоо “хүйн холбоотой” гэж дүгнэсний нь нэгэн илэрхийлэл бус уу?   

Монгол хэлэн дэх  а) “Хүй ээж”, “хүйн холбоотой ээж”, “эх, үр хоёрын хүйн холбоо” гэсэн үг хэллэг, б) “Бор этүгэн эх”, “хүй нутаг”, “хүйн холбоотой эх орон” гэсэн үг хэллэгийн уг гарвал, үүтгэл санаа, амь амьдрал, эрчим долгион, хэрэглээ соёл, эдгээрийн ертөнцийн зураг загварыг “орших” ба “эс орших”, “хоосон чанар” ба “шүтэлцэн багцрахуй”, “арга-билэг-үр”, “бие-хэл-сэтгэл”, “үндэслэл-эсрэг үндэслэл-нэгдэл” г.м. онол сургаалтай холбон бодож, “Би ба би” гэдэг эго-хам шинжээс нь бус, харин “Би ба бусад” гэдэг эко-хам хүрээнээс нь (акад.Б.Жадамбаа, “Шүтэлцэн багцрахуйн үзэл ба хүмүүний хөгжил”, Уб., 2007, 87-88-р тал) монгол ухаанаар эргэцүүлж, “хүйн холбоо” буюу “үйл ба үр”-ийн холбоог илэрхийлсэн хоёр нэг дискурс буюу уялдаа ярианы шинэ бичил эхийг зохион гаргаж болмоор санагдав.

Нэгэн зүйл дискурс. Байгаль дэлхий баймаажин амьтан (хүн) ургамал байна. Ургамал амьтан (хүн) баймаажин амьдрал тэмцэл байна. Амьдрал тэмцэл баймаажин хувьсал хөгжил байна. Хувьсал хөгжил баймаажин эсрэг тэсрэг байна. Эсрэг тэсрэг баймаажин зовлон жаргал байна. Зовлон жаргал баймаажин үйл ба үр байна. Үйл, үр баймаажин үг ба утга гарна. Үг ба утга сүлжилдсээр санаа ба төрөгдөл бий болно. Учирзүйгээр нөхцөлдсөн, ийм нэгэн “Байх” буюу “Бий”-тэй урансайхны ч гэмээр юм уу эс бөгөөс байгаль-нийгэм-соёл-цаг хугацааны хамааралтай гэмээр дискурсийг “зохиож“, үгийн наадам болгож болох. Ийм учраас ч орчин үеийн философид “диалектик” хэмээх нэртомьёог “дискурс” гэдэг нэртомьёо түрэн гарч ирсэн бөгөөд “дискурс” нь бодомжуудын үндсэн дээр хэлний тоглоомын хэлбэрээр шинэ мэдлэгийг боловсруулж хэлдэг гэж тайлбарласан буй нь сонин санаа юм.

Ингээд л 1-р дискурсээс ургуулан бодвоос, тэнгэризмыг буюу шүтэн барилдахуйн үзлийг эрхэмлэгч, нүүдлийн соёл иргэншилт монгол хүн, аливаа юмс, үзэгдлийн оршихуйн илэрхийлэл болох орон зай, юмс, үзэгдлийн өөрчлөгдөхүйн илэрхийлэл болох цаг хугацаа, юмс, үзэгдлийн хөгжихүйн илэрхийлэл болох тоо, чанарын нэгдэл, нөхцөлдөөн дунд нь “үйл” ба “үр” хийгээд нөгөө бидний монгол хүний билиг ухаанаар сонирхоод буй сэдэв буюу “хүй” хийгээд “хүйн холбоо”-ны талаар эх дэлхий, уугуул ус, суугуул нутаг, хүн ба байгалийн хүйн холбоог илэрхийлсэн сонин сонин бодомж-өгүүлбэр, үг хэллэг, метафоруудыг зохион хэрэглэж, утга соёлоо бүтээж иржээ. Үүнд:

•    Бор этүгэн эх… (Монголын нууц товчоо)
•    Байгаль ээж... (Б.Явуухулан)
•    Дэлхий ээж… (Г.Мэнд-Ооёо)
•    Хөрст дэлхий эх… (Ч.Лхамсүрэн)
•    Далай ээж… (Н.Нямдорж)
•    Ааваа бодохлоор уулаа санана,
Уулаа бодохлоор ааваа санана. (Б.Ганбат)
•    Сүүн далай ээж… (Д.Цоодол)
•    Далай ээжийн модон хүй…. (Ч.Дагвадорж)
•    Халуун элгэн нутаг… (Ж.Бадраа)
•    Элэг зүрхнээс уяатай энхрий Монгол нутаг… (Ж.Бадраа)
•    Хүйлэн хөх замлинд
Хөх монгол хөвж явна.
Хүний энэ орчлонд
Хөх толбо тээж явна.
Хөх Монголын
Хөх сүргийн манлай
Хүйлэн хөх азарга
Хөрстийн зулай дээр хөрвөөлнө…   (Д.Цахилгаан) г.м.

Нэгэн зүйл дискурс: “…Эр, эм эс нийлдэг. Энэ нь ирээдүйн үр хөврөлийн суурь болдог. Эх хүн, эхийн эхэс бол эх, үр хоёрын дундах ариун сав, шүүлтүүр болдог. Эх, үр (хүүхэд) хоёр цусны нэг системтэй, үр нь уураг сүүн умдаатай. Түүнийг  дамжуулагч нь эхийн “хүй” хийгээд “хөх” болой. Цусаар болон сүүгээр (хоол тэжээлээр) хамаг эрдэс дамжих болно. Энэ нь хүүхдийн өсөлт хөгжилт, цаашлаад ирээдүйн хүн буюу нийгэмшихэд үндэс суурь болно. Бас ийм нэгэн “Болох”-той биологийн гэмээр дискурсийг зохиож, “үгэн тоглоом”-ын хэлбэрийг ашиглаж болно. Энэ нь бидний өмнө гаргасан байгаль-нийгмийн гэмээр дискурсээсээ өөр мэдлэг, бодомж, мэдээллийг агуулж тээж байгаагаараа ялгаатай гэдгийг анзаарахад тийм ч түвэгтэй биш.

Нэгэн зүйл харилцаа яриа буюу диалог: Таван настай охин ээжээсээ ийн асуужээ.

-Ээж ээ, ээж ээ би таны хаанаас гарсан бэ?
-Яах нь вэ? Миний охин ийм юм асуугаад?
-Мэдэж авмаар байна?
-За, миний охин, ээжийнхээ хүйснээс л гарсан байхгүй юу?
-Өө, тийм үү? Баярлалаа, ээж ээ…
Хоног хугацаа өнгөрсөөр байж. Охин сургуульд орж. Янз бүрийн ном уншиж, зурагтаар сонин сонин юм үзэж… Гэвч…

Хоёрдугаар дискурс, бас энэхүү “гэвч…”-тэй 3-р дискурсээс монголчууд бид байгаль-нийгэм-соёл-цаг хугацааны холбоо хамааралтай, “үйл” ба “үйлийн үр”-ийг илэрхийлсэн, нөгөө талаар бидний сэдвийн хүрээнд “хүй” ба “хүйн холбоо”-г дүрсэлсэн, ээж, ааваас “хүйн холбоо”-ны үүтгэлтэй шугаман ба шугаман бус бодомж-өгүүлбэр, үг хэллэг, метафоруудыг зохион хэрэглэж, утга соёлын үнэт зүйлсийг бүрдүүлж ирснийг дараах баримтаас харж болох юм гэж үзлээ. Үүнд:
•    Хүзүүнээс чинь татаж
Хүний зэрэг болгосон,
Эгэмээс чинь татаж
Эрийн зэрэгт оруулсан ижий… (М.Н.Т.),
•    Хүйн холбоотой эх… (Д.Цоодол),
•    Биеэ хувааж төрүүлсэн ижий…
Амиа хувааж төрүүлсэн ижий…
Ухаанаа асгаж ургуулсан ижий… (Б.Лхагвасүрэн),
•    Эм болсон амьсгалтай
Алган дээрээ мөнхийн устай ижий… (П.Пүрэвсүрэн),
•    Би – цаг тооны үргэлжлэл, би – цагаан сүүний ургамал… (Б.Лхагвасүрэн),
•    Ээжээс эм дэлхий
Ааваас ам дэлхий (Монгол ардын зүйр цэцэн үг)
•    Айлын голомтын алтан гагнаас
Амь хайрласан мөнхийн холбоос
Хүн хэмээх алдрын минь дээж
Хан тэнгэр – аав минь (Б.Догмид) г.м.

Бидний монголчуудад эдийн ба оюуны соёлын үнэ цэнтэй зүйлс, бүтээл туурвил олон зуугаар бий. Гэхдээ хэдэн мянган жилийн нүүдэл суудал нэгэнт өнгөрч, өдгөө цагт даяаршил, хотжилтын царцанги сэтгэлгээ, уламжлалт ёс заншлаа умартсан явдал цадигаа алдаж, сөрөг эрчим долгионтой үг хэллэг хүч түрэн байгааг монголоо гэсэн, эх хэл, утга соёлоо гэсэн, үндэс угсаагаа гэсэн, монгол ухаан боловсролоо гэсэн халуун сэтгэлтнүүд анхааруулж хэлсээр буй. Тэгэхлээр одоо “Айлаас эрэхээр авдраа уудал”-ж, олон зууныг дамнан уламжилж ирсэн тэрхүү утга соёл, үнэт зүйлсээ шинжлэн судалж, сэргээн мандуулж, хойч үедээ зөөвөрлөн үлдээе гэсэн санаа сэдлийн нэг өчүүхэн оролдлого нь бидний хичээнгүйлэн тайлбарлаж нуршсан энэхүү сэдэв – “хүй” хийгээд “хүйн холбоо” болно.

Монголчуудын эрдэм ухааны уламжлалаар бол, эх, үр хоёр нь цусан, махан, хүйн, сүүн, сэтгэлийн буюу энергийн холбоотой бөгөөд энэхүү ил, далд холбооноос сэтгэлийн хүйн холбоо нь насны туршид бэхжиж тогтдог гэж үздэг ажээ. Ер, тэгээд л эрдэнэт хүний бие –сэтгэл – ажил үйлс нь унасан газар, ухияасан ус – бор этүгэн эх – элгэн биеийг төрүүлж хүний зэрэгт хүргэсэн эх эцэг, иргэншүүлж соёлт хүн болгосон эх орны нэртэй ямар нэг сэжмээр хүйн холбоотой төдийгүй орон зай, цаг хугацааны орчилд цаг үргэлжид бие хүний зүрх сэтгэлд бөхлөөстэй явах учиртайг ардын уранзохиолч Ш.Сүрэнжав “Нэр” шүлэгтээ:  
…Энэ нэр
Эрхэм нэр
Эхийн сүүгээр амлуулсан алдар
Эцгийн нэрээс тасалсан хэсэг
Чиний нэрийг дуудахад
Хүлгийн дэл босч байхын зол бий.
Чиний нэрийг дуудахад
Хүний яс хавталзаж байхын зовлон бий.
Эх орны нэртэй цуг хэлэгдэнэ.
Эцгийн чинь нэртэй хамт яригдана…
гэж уран сайхнаар өгүүлсэн байдаг. Энэ бол монгол хүн өөрийгөө таньсан, орон зай, цаг хугацааны орчил дунд “хүйн холбоо”-г урансайхны аргаар хэлж сэнхрүүлсний нэгэн жишээ болно. Энэ шүлгийн уран сайхан санаагаар монгол хэлний “хүй” хийгээд “хүйн холбоо” гэсэн үг хэллэгийг утга соёлын үүднээс шинжилж оролдсон өчүүхэн судалбараа өндөрлөв өө.