Mongolian Culture Center

  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size

Вертикаль сэтгэлгээ

Хэрэглэгчидийн үнэлгээ: / 0
МууСайн 
Хан уул дээд сургуулийн дэргэд “Монгол улсын оюуны чадварын IQ” төв байгуулагдаж иргэд болон хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх тэдний оюуны эрүүл мэндийг бэхжүүлэх талаар шинэ ажлуудыг хийж эхэллээ.Тус сургуулийн захирал профессор Ц.Дэмбэрэл хүний сэтгэлгээний өнгө аяс,хэлбэрийн талаар цуврал өгүүлэл бичсэнийг нийтэлж байна.

             


Вертикаль гэдэг нь эгц босоо гэсэн утгатай үг. Вертикаль сэтгэлгээ гэхээр дээрээсээ доошоо, эсвэл доороосоо дээшээ босоо чиглэлтэй сэтгэхийг ойлгоно, монголчилбол чиглэсэн эгц сэтгэлгээ гэж болох байх. Вертикаль сэтгэхэд анхнаасаа чиг зүг нь тодорсон байдаг, сэтгэлгээ ямар зүг рүү замнах нь тодорхой байх тул хажуу тийшээгээ холбирох шаардлага байхгүй. Жишээ нь хөдөөний хоёр эмэгтэй хэрэлдэж байг, үүнийг хоцрогдсон жишээ гэж та бодвол энэ цаг дээр буулгаад сонгуульд өрсөлдөж байгаа хоёр улс төрч гээд л ойлгочихоорой. Энэхүү үгээр хэрэлдэж өрсөлдөх үйл явцын зорилго нь бие биенийхээ улыг шагайж, олны өмнө муу муухайг нь дэлгэх. Зорилго нэгэнт тодорхой тул нэг нь нөгөөгийнхөө аль сул талыг ухаж, аль хорон үгээр олонд хүргэнэ, аль илүү гүнзгий сэтгэсэн нь ялна, магадгүй өөрөөсөө ялах учиргүй нь ялж ч мэднэ. Магтах сайшаахад вертикаль сэтгэлгээ тод илэрнэ, өчигдөрхөн нь л хамгийн муу байсан хүн өнөөдөр хамгийн сайн нь болчихно, Хүн нь өөрчлөгдөөгүй байхад үнэлэмж нь өөрчлөгдөөд сүйд майд болно. Харамсалтай нь зарим ойворгон хүн үүндээ өөрөө хэт итгээд бүр өөр болчихдог, биеэ тоож байгаа нь тэр дээ, бас зарим нь өөрийгөө хэтэрхий доош нь оруулж эрх мэдэлтний гутлыг долоож эхэлдэг, долигонох урлагт сурч байгаа нь тэр. Нас ная дөхсөн нэг овилгогүй өвгөн надад ”Отгон хүү маань том даргаар дэвшсэнээс хойш би цагаан сараар хүүдээ очиж золгодог болсон” гэж билээ. Би хариуд нь “болж, болж” л гэсэн. Эдгээр үйлдлийг тэдгээр хүмүүсийн вертикаль сэтгэлгээ араас нь залж, чиглүүлж байгаа юм. Вертикаль сэтгэлгээтэй хүн эхлээд заавал нэг үзэл бодол дээр тулгуурлаж түүндээ өөрийгөө захируулж сэтгэнэ. Тухайлбал, энд өгүүлсэн шүүмжилж гутаах юм уу, магтаж долигонох сэтгэлгээ нь үүний жишээ. Шүүмжлэх магтах нь аль аль нь амархан юм. Өөг нь хайгаад байхад юунаас ч юуг олж болно,хэрэв олдохгүй бол зохиочихно, гүтгэчихнэ. Магтах нь бас тийм. Шумуулыг заанаас том гэсэн ч яадаг юм. Хэрвээ заан тийм сүрхий тэнхээтэй юм бол шумуул шиг шунгинан нисэхийг нь харъя л даа. Шумуул гэдэг  тэнгэрийн амьтан заан бол газрын амьтан гэх мэтчилэн сэтгэнэ энд гагцхүү үг хайрлахгүй байх хэрэгтэй. Гадаадынхан монголчууд нэлээн туйлшрамтгай хурц гэдэг юм билээ. Энэ нь бидний вертикаль сэтгэлгээ илүү хөгжсөнийг л  хэлж байгаа нь тэр. Үнэхээр ч бид ийм л дээ. Аав, хүү хоёр улс төрөөс болоод зөрөлдөж, ээж, охин хоёр дээлийн торгоноос үүдэн хэрэлдэх нь энүүхэнд. Хижээлдүү хоёр хадам эх хүүхдүүдээсээ болоод бие бие рүүгээ давшлан дайралцаж байгааг харахад л ойлгомжтой. Үгийнх нь  уран цэцэн, хорон муухай гэдэг нь яана. Эндээс л ”ураг барилдагсдын хол нь уул усны ойр нь” гэсэн онч хэллэг гарсан биз.

Вертикаль сэтгэлгээ нэг л цэг дээр төвлөрч түүнээс гадна буй бусад нөхцөл байдлыг ор тас орхино. Иймд вертикаль сэтгэлгээний өнгө аяс голлосон өгүүлэл, найруулал, ном товхимлыг уншиж ойлгоход хялбар байдаг. Монголын кино урлаг уран зохиол, жүжигт энэ сэтгэлгээ хэтэрсэн үү гэхээс дутаагүй, уншигчид бид үүнд нь бүр дасчихжээ. ”Тунгалаг тамир романаар жишээлье. Итгэлт Эрдэнэ хоёрын сэтгэлгээ нь, хэлдэг үг нь бүр анхнаасаа өгөдсөн мэт байдаг. Төмөр сайн хүн юм гэнэ, бие том, дуу бүдүүн яагаад Итгэлт ийм биш байх ёстой гэж? Төмөр хээрээр гэр, хэцээр дэр хийдэг, хол газар, хоол нойргүй морин дэл дээр олон хоног давхидаг хөсөр зуугуул эр, харин Итгэлтэд ингэх шаардлага байхгүй. Байнгын хоол тэжээлийн дутагдалт автдаг Төмөр байнга бэлэн хоолтой өөхөлж байдаг Итгэлтээс яагаад том байх ёстой гэж? Итгэлт баяны адууг цахиур Төмөр таслан хөөж, араас нь Итгэлт  морджээ гэе. Морь бол морь, 130кг 50кг ачаатай хоёр морь уралдахаар  аль нь түрүүлэх вэ? Миний бодлоор том бас цул биетэй Төмөр төдий л хол явалгүй Итгэлтэд баригдах биз. Хэрэвзээ хөнгөн жинтэй Итгэлтийн морь эцэж  лагс жинтэй Төмөрийн морь цуцдаггүй юм бол наадмаар багачууд бус ахмадууд өөрсдөө, тэр тусмаа аль мариалаг тарган нь уралдааны морио унавал зохино. Төмөр шиг хүнийг өвчтэй эдийн засагчид сайн эр гэж хөөргөнө, харин эрүүл эдийн засагт  муу хулгайч гээд шоронд хорьдог. Та үүнийг зөвшөөрөхгүй байвал “арилжааны банк ухаад авсан мөнгөө траншейныханд тарааж өгье , тэгвэл хүмүүс намайг сайн эр гэж магтана зохиолд мөнхрүүлнэ байх“ гээд сэтгэ дээ… Үер киноны Болд гуай уг  нь жинхэнэ Монгол өвгөн мэт даанч улс төржиж байгаад буудуулах нь сонин. Ийм сайхан өвгөд тэгтлээ улс төржих учиргүй дээ, өвгөдийг өөрчлөх нь амаргүй гэдэг сэн.

Зүүн жигүүрийн вертикаль сэтгэлгээгээр хувьсгалт романтизмд тулгуулан ямарваа бүтээл туурвих нь зохиолчдын хувьд амар, уншихад ч амар энэ утгаараа түүхэнд үлдээх мөр нь богино. Монголчуудын бүтээл туурвил дэлхийн дэвжээнд ойртож чадахгүй байгаагийн эх сурвалжийг бид өөрсдийнхөө сэтгэлгээнээс л хайх хэрэгтэй байх шиг. Нэг бол магтаж , эсвэл муулж хийсэн аливаа бүтээлийн орох газар улам бүр хумигдсаар байна. Сайн бүтээл гэдэг хоёр туйлаас хол байдаг. Тодруулбал, амьдралд ойр гэсэн үг. Вертикаль сэтгэлгээнд аналитик шинж давамгайлна, өөрөөр хэлбэл батлах нотлох аяс нь голлоно. Үүнийг улс төрийн хүрээнд тайлбарлавал: Өөрийн намд байгаа бол хамгийн сайн хүн, нөхөр гэж нотлоод өрөөлийн намд орчихоор нь хамгийн муу хүн, урвагч гэж баталдаг. Бас өөрт тусласан нь сайн нөхөр туслаагүй нь муу хүн болдог. Тэр хүн хэн байх нь чухал биш  гол нь түүнийг нэг бол нөхөр эсвэл дайсан гэж батлах ёстой, баталдаг ч юм. Үүнийг чинь хаа очиж монголчууд бид дажгүй чаддаг.

Вертикальчууд үгүйсгэхдээ тун дадмаг. Юуг ч яаж ч үгүйсгэж чадна. Эх орноо, эцэг өвгөдийн  туулсан замыг,  тэр ч бүү хэл өсөж өндийсөн гэр орноо, өөрийгөө хүртэл үгүйсгэх нь бий. Үгүйсгэлийн хууль гэдэг нэр томъёолол чухамхүү монголчууд бидэнд л “ач буянаа” өгч байх шиг … үр дүн нь бүгдийг шинээр эхлэх. Үүн дээр эсрэг тэсрэгт хуваагдаад нэгдмэл байдлаар тэмцэлдэх бас нэг хууль нэмж үйлчилдэг, үр дүн нь нураах тараах …

Вертикаль сэтгэлгээ нь яс тооцсон дэс дараатай, өмнөхөөсөө удаах нь урган гардаг зүй тогтолтой. Иймээс вертикаль сэтгэлгээ нь яг л математикийн теорем баталж байгаа мэт ургуулж, угсруулж сэтгэнэ.Энэ утгаараа вертикаль сэтгэлгээ нь шинжлэх ухааны хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Байгаль болон техникийн талын судлаачид вертикаль сэтгэхдээ тун сайн. Эхлээд ямар нэг аксиом буюу “үүсгэл үнэн”-г шууд хүлээн зөвшөөрнө, тэгээд түүнээсээ ургуулаад вертикаль сэтгэчихнэ. Исаак Ньютон алдарт ”Зарчмууд” (гүйцэт нэр нь Натурфилософийн математик зарчмууд) бүтээлээ туурвихдаа 8 тодорхойлолт, 3 аксиом (хөдөлгөөний хууль) –д тулгуурлаж 110 теорем 47лемма баталж  82 асуудал дэвшүүлэн шийдвэрлэжээ.

Хүний бага залуу насанд вертикаль сэтгэлгээ нь илүү тод илэрч үйл ажил, үг хэлэнд нь илүү хүчтэй нөлөөлдөг юм шиг санагддаг. Та өөрийгөө сайн ажиглаарай, мөрөөдөж  дурлаж, шүлэглэсэн захидал бичиж байв уу? захидлаа Есениний шарил дээр өөрийгөө буудсан Галина Бениславская шиг “Ямагт Таны …”гэж эхэлж байсан уу? Тэгвэл та гайгүй вертикалист байсан бололтой, Зохиолчид ялангуяа яруу найрагчдын вертикаль сэтгэлгээ нэлээд хөгжингүй. Тэдний дунд зохиолдоо хэт итгэж, уянгын халилд автаж түүндээ уусаж хазайсаар байгаад ахуй амьдралаа яруу найргаараа удирдуулахад хүрсэн нь цөөнгүй. Монголын хувьд, миний ажигласнаар угийн  вертикаль сэтгэдэг нүүдэлчний араншин дээр яруу найргийн вертикаль нэмэгдэхээр ёстой “галзуу” вертикаль амьдрал үүсдэг бололтой . Жишээ нь гэвэл захаас аван… Уг нь  амьдралын мод саглагар ногоон, яруу найргийн мод бор саарал байдаг нь хорвоогийн жам юм шүү.

Гүн ухаанчид  вертикаль сэтгэхдээ заримдаа хэтрүүлдэг. Торхонд амьдарч  асан алдарт Диогеныг өрөвдсөн нэгэн баян эр өргөөндөө авчирч хооллож, хувцаслаад та энд тэнд шүлсээ хамаагүй битгий  хаяарай гэж л дээ. Диоген хахаж цацан ханиалгаснаа баян эрийн нүүр рүү нулимчихаад “Шүлсээ өөр хаях газар нүдэнд харагдсангүй гэж хэлсэн гэдэг. Хүнээс илүү сэтгэж болно л доо, гэхдээ хэтрүүлэх, бусдыг доромжлох муухай, яахаараа хүний нүүр шүлсний сав болдог байна вэ?

Вертикаль сэтгэлгээ  нь ихэд хөгжсөн зохиолч, эрдэмтдийг фашист, коммунист мэтийн дэглэмүүд өөрийн зорилгод татан ашиглаж, адаг сүүлд нь амь нас, алдар нэрээр нь тоглосон жишээ олон байдаг, Монголд ийм баримт одоо ч бий. Горький, Маяковский хоёрыг большевикууд л сүйдэлсэн биз дээ. Аль эрт Лев Толстой “Горькийг нам л баллачихлаа, хайран хүн ...” гэж дуу алдсан байдаг.

Вертикаль сэтгэсэн нэг задгай жишээг сонирхъё. Монголын төр бужигнаад эхлэхээр үлийн цагаанууд нь үржээд байх юм. Төвийн бүсийн аймгууд нэл оготно .Төрийн төлөө огтоно боож үхдэг гэдэг худлаа болох юм шив. Аргагүй л дээ  хө хууль нь гууль болохоор цоорхойгоор нь оготно, жоомууд ёстой гүйж өгнө шүү дээ. Оготны хор олдвол цацмаар байна санж . Мөд Монгол улс хорны үйлдвэртэй болох байх. Удах бол уу? УИХ чуулганаар “Авилгалын эсрэг хууль” батлавал хорны үйлдвэр байгуулагдаж таарна .Тэгвэл нэг кг хор ямар үнэтэй байх бол? Чи авилгатай холбогдсон хүмүүсийн талаарх мэдээллээ тэрхүү  хорны үйлдвэрт худалдана. Чи мөнгө төлөх биш, мөнгө авна шүү дээ. Сайхан байгаа биз. Энд хоёрдогч этгээд нөгөөгийнхөө гэнэн энгийн сэтгэмжийг ашиглан сүрхий улс төр ярьж байна. Тэрээр ямар ч асуудлыг улс төржүүлж мэдэх нэгэн бодолтой. Энэ хүн сэтгэх чадварын хувьд нэгдэхээсээ яавч дутуу биш юм. Үүнийг үнэлэх хэрэгтэй, гэхдээ хэтрүүлж болохгүй. 1960 аад онд МАХН ын Төв хорооны бүгд хурал дээр маш хурц шүүмжлэл өрнөдөг байж л дээ. Нэгэн цоглог шүүмжлэгч хэлэх хурц хатуу үгээ бэлтгээд хүнийх нь нэрийн зайг үлдээгээд хуралдаа ордог, тэрхүү шүүмжлэлд өртөх хүн нь хурлын явцад тодордог, тэгээд ялагдах нь илэрхий болж буй бүлэглэлийн толгойлогч хүний нэрийг өнөөх зайндаа нөхөж бичээд шүүмжлэлээ уншчихдаг байсан гэлцдэг юм билээ.

Вертикаль сэтгэлгээ нь давамгайлсан хүнд удирдах ажил ойр биш. Тийм хүнийг даргаар дэвшүүлчихвэл маргаашнаас нь бөөн онигоо болчихно. Сонгодог гэмээр жишээ нь Зөвлөлтийн удирдагч асан Никита Хрушев юм. Дарга гэдэг алба вертикаль сэтгэлгээтэй хүнийг даамай муухай эвддэг, ингэж эвдэрч гэмтсэн хүн бидний дунд мэр сэр таардаг, Ингэж сэтгэдэг хүний сэтгэх хурд бусдаасаа давуу байдаг. Ээдрээтэй асуудал ярилцах хууль хэлэлцэх үед нүд нь гялалзаад л доороос нь хатгаад байгаа мэт суудлаасаа өндөлзөөд л, хэл ам нь загатнаад байна уу гэлтэй, тэд ер нь хурц талдаа хүмүүс. Ийм хүмүүсийн хүзүүнд үзэл суртлын пайз зүүчихвэл ёстой гялалзуулж эхэлнэ, хувьсгалт уриа хашгирахад л гүйцээ, сэлэм гялс,толгой бөндгөс. Монголд өрнөсөн хувьсгалууд, хамтрал коммуны хазайлт, их хэлмэгдүүлэлтийг вертикальчууд л удирдсан. Тэдэнд хяналтгүй эрх дархыг атгуулбал яаж ч мэднэ, маш аюултай. Гитлер яалаа, германчуудыг сүйдлээ биз дээ, хоморгонд нь монголчууд бид бас багагүй зовсон. Вертикаль сэтгэлгээний нэг тод илрэл нь христийн номлол юм. Ертөнцийн эзнээс цааш ахина гэж байхгүй, явж явж тулдаг ганц цэгтэй, тэр нь энэхүү ертөнцийн эзэн. Христосын номлолоос Марксизм эх авсан, бас л явж явж тулдаг ганц цэгтэй, тэр нь матери анхдагч. Марксизм яагаад Монголд тэр холоос айлчлан ирэв гэдгийн уг сурвалж нь тэрээр бидний вертикаль сэтгэлгээтэй ихэд төстэй байсных юм. Маркс вертикаль сэтгэхдээ даамай сайн, Ленин бүр гаргуун, Сталин практикт хэрэгжүүлэв шүү дээ. Уршиг дагавар нь одоо ч бидэнд амтагдсаар байна.

Ер нь аливаад догматикаар итгэх нь вертикаль сэтгэлгээний туйл юм. Ийм догматик хүн Монголын сэхээтнүүдийн дотор бас ч гэж бий, гэхдээ цөөрсөөр байгаа. Бурхны сургааль нь хаа очиж вертикаль сэтгэлгээг шүүмжилдэг юм билээ. Харамсалтай нь манай цөөн лам “бурхан” аа туйлшруулаад өөрсдөө вертикальчуудын эгнээнд шилжчихжээ, яваандаа засагдах байх гэж залбиръя. Энэ  бүгдээс та  вертикаль сэтгэлгээг муу , эсвэл сайн гэж дүгнэж байна уу, тэгвэл вертикаль сэтгэж байгаа нь тэр дээ. Вертикаль сэтгэлгээг сайн , муу гэх үндэс байхгүй, гагцхүү орон цагт нь зөв хэрэглэх нь л гойд чухал юм.